Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2022 оны “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээ батлах тухай” 314 дүгээр тогтоолыг үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар 2024” аяны хүрээнд биеийн тамир, спортын арга хэмжээг нэгдсэн агуулга, нэг өнгө төрхтэйгөөр зохион байгуулж байгаа билээ.
Баянзүрх дүүргийн биеийн тамир, спортын хорооноос “Спортын алдартантай уулзах уулзалт”-ыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр 14-р сургуулийн урлаг зааланд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг нээж Баянзүрх дүүргийн биеийн тамир, спортын хорооны Спортын хэлтсийн дарга Ю.Батсайхан үг хэллээ.
Арга хэмжээний хүндэт зочдоор
2008 оны Бээжингийн паралимпийн наадмын Байт харвааны анхны аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Дамбадондогийн Баатаржав
Баянзүрх дүүргийн “НАГОНА” олимп зөвлөлийн дарга Ч.Төмөрчөдөр
14 дүгээр сургуулийн захирал Э.Гунгаажав
14 дүгээр сургуулийн биеийн тамирын багш, Баянзүрх дүүргийн “НАГОНА” олимп зөвлөлийн арга зүйч Б.Сүрэнжав нар хүрэлцэн ирж оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Соёлын ордны дуу хөгжмийн багш Б.Гантөмөр ая дууны мэндчилгээ
, 14 дүгээр сургуулийн н.Батцоож багшийн дэглэлт “Хотон бүжиг”
5-11 ангийн сурагч нар урлагийн тоглолтоо сонирхууллаа.
Спортын алдартантай уулзах уулзалт” арга хэмжээнд Орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баримтат киног үзүүлж сонирхуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн “НАГОНА” олимп зөвлөлийн дарга Ч.Төмөрчөдөр "Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдвээр, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, ард түмний бахархал, паралимпийн анхны олимпын аварга Дамбадондогийн Баатаржав өөрийн туулсан спортын замналын түүх, спортын туршлага, спортоор хичээллэх нь сэтгэл зүй болоод оюуны, бие бялдрын олон талын ач холбогдлын талаар хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд танилцуулж, чөлөөт асуулгыг өрнүүллээ.
Заал талбай, хөгжим техникээр ханган хамтран ажилласан Э.Гунгаажав захиралтай ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.