Спортоор дамжуулан хүүхэд багачуудын хөгжлийг дэмжих, Монгол Улсад Ти-боллыг хөгжүүлэх үүднээс сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг Баянзүрх дүүрэг хэрэгжүүлж байна. Спортын энэхүү төрлийг олон улсад түгээн дэлгэрүүлэх үйлсийг хэрэгжүүлж буй Токү Шима дахь Монгол Улсын Өргөмжит Консул Каваүчи Широг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хүүхдийн хөгжилд спорт чухал гэдгийг онцлоод цаашид спортоор дамжуулан олон талт байдлаар хамтран ажиллах сонирхолтой байгааг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр хэлсэн үгэндээ онцолсон. Үүний дараа сургагч багш бэлтгэх сургалтын нээлтийн арга хэмжээ болсон юм.
Ти-боллын спорт Монгол Улсад 2019 оноос эхэлж хөгжиж эхэлсэн. Софтбол болон бэйсболын суурь спорт бөгөөд шидэгчгүй софтбол, бэйсбол юм. Бөмбөгийг суурин дээр байрлуулан цохиж тоглодгоороо үндсэн бэйсболоос ялгаатай. Энэхүү спорт нь бага насны хүүхдэд зориулсан спорт гэж хэлж болно.
Ти-боллын спортоор хичээллэснээр мэндлэх хүндлэх ёсонд сурах, биеийн зөв хөгжилтэй болох, багаар ажиллах чадварт сургах, орон зайн баримжаатай болдог гээд хүүхдийг олон талын чадварт сургадаг спортын төрөл юм. Уг сургалтад Баянзүрх дүүргээс ЕБС-ийн биеийн тамирын багш, мэргэжилтэн нарыг сургагч багшаар бэлтгэж сертификат, үнэмлэх гардууллаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.