Буудлага спортын ДАШТ Азербайжаны Баку хотноо үргэлжилж байгаа бөгөөд тус тэмцээнд 101 орны 1249 тамирчин өрсөлдөж монгол улсыг төлөөлж 16 мэргэн бууч оролцлоо.
ОУХМ О.Есүгэн 50 м-ийн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг авчирлаа.
Манай тамирчин 587 оноогоор 11-р байрт бичигдсэн. Олимпын төрлийн дасгал бүрийн эхний дөрвөн байрт орсон тамирчин эрхээ авах байв. Харин түүний өмнө орсон тамирчдын ихэнх нь эрхээ нэгэнт халаасалсан байсан тул тэрбээр байр огшсоор олимпын эрхийн жагсаалтын гуравт бичигдсэн юм. ОУХМ О.Есүгэн өмнө нь “Токио-2020” олимпод цэц сорьж байсан билээ.
Өдгөө манайхны оролцох олимпын эрхийн дасгалууд дууссан ба аравдугаар сард БНСУ-д болох Азийн АШТ, ирэх оны нэгдүгээр сард Индонезид болох Азийн АШТ-ээс эрхээ авах боломжтой. Эдгээр хоёр тэмцээний олимпын эрхийн дасгалын эхний хоёрт орсон тамирчид Парисын олимпыг зорих эрхтэй болох юм.
Мэргэн буудагчиддаа амжилт хүсье!
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.