Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт заасны дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын хамтарсан А/59, А/15, А/74 дүгээр тушаалаар “Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журам”-ыг шинэчлэн баталж, мөрдөж эхлээд байна.
Үүнтэй холбогдуулан журмын хэрэгжилтийг хангах, холбогдох байгууллагын албан хаагчдад арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалтыг 2026 оны аравдугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтад Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон салбарын харьяа байгууллагуудын төлөөлөл оролцож, 185 хүн танхимаар, 250 хүн цахимаар буюу нийт 435 хүн хамрагдав.
Сургалтыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан, Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг нар нээж үг хэлсэн бол Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн У.Долгормаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн Д.Анужин нар илтгэл тавьж, журмын шинэ зохицуулалт болон хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Шинэчилсэн журамд соёл, спортын үйл ажиллагаанд оролцож буй хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгажээ.
Тухайлбал, арга хэмжээ зохион
байгуулахаас өмнө хүүхдийн аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх, оролцогч талуудтай хариуцлагын гэрээ байгуулах, хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөг, цахим орчны эрсдэл, үе тэнгийн дээрэлхэлтээс хамгаалах, тэмцээний хураамжаас тодорхой бүлгийн хүүхдийг чөлөөлөх асуудлыг тусгасан байна.
Мөн соёл, спортын үйл ажиллагаанд оролцож буй байгууллага, багш, дасгалжуулагч, ажилтан, сайн дурын ажилтан нь хүүхэд хамгааллын бодлого, ёс зүйн дүрэмтэй байж, холбогдох сургалтад хамрагдсан байх шаардлагыг журамд тусгажээ.
Түүнчлэн хүүхдийг байрлуулах, тээвэрлэх, бэлтгэл сургуулилт хийх болон арга хэмжээнд оролцуулахтай холбоотой аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмжийг урьдчилан өгөх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах хариуцлагын гэрээ байгуулах, унаа тээвэр, байр, хоол хүнс, эмнэлгийн үйлчилгээ, амралт, завсарлага болон хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг удирдамж, хөтөлбөрт нарийвчлан тусгах зохицуулалт багтжээ.
Журмаар хүүхдийг шөнийн үзүүлбэрт 19:00 цагаас хойш оролцуулахгүй байх, үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүүхдэд ойлгомжтой хэлбэрээр урьдчилан хүргэх зэрэг шаардлагыг мөн тусгасан байна.
Энэхүү журам нь соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах явцад тэдний эрхийг хамгаалах харилцааг зохицуулах бөгөөд хүүхэдтэй ажилладаг байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, багш, дасгалжуулагч болон холбогдох бусад талуудад хамаарна.
Журмын хэрэгжилтийг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд арга зүйн сургалт чухал ач холбогдолтой юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.