УЛААНБААТАР МАРАФОНД ГҮЙХДЭЭ ЮУ АНХААРАХ ВЭ? 

Марафоны бэлтгэлдээ гараарай!

1. Эртхэн бүртгүүлвэл өөрт таарах подволктой болно. Жижиг размерууд түрүүлээд дуусчихдаг. Нэвсийсэн том юмтай гүйх болно шүү. Ер нь "УБ марафон" гэсэн логотой подволкоо өмсөөд гүйвэл их зүгээр байдаг. Учир нь марафон бол таны амьдралын нэгээхэн түүх юм.
2. 21 км-ээс дээш зайд гүйвэл финишэр медальтай болдог. 10 км гүйсэн бол жижиг А5 хэмжээтэй гэрчилгээ л өгч магадгүй.
3. Та 10 км зайд гүйх гэж байгаа бол "21 кмт гүйдэг байжээ" гэж амаа барих хүмүүс олон байдгийг санаарай. Тиймээс ямар зайд гүйхээ сайн бодож сонгоорой.
4. Анхлан гүйгч, эсвэл байнгын бэлтгэлтэй байдаг биш бол одоо нээх ачаалалтай бэлтгэл хийгээд, гүйгээд алаад байх хэрэггүй. Ядрахын нэмэр. Гэмтэж ч мэднэ. Ердөө 24-хөн хоног үлдсэн. Одоо бол сайжирна, мундаг болчихно, түрүүлнэ нтр гэж бол байхгүй. Харин өглөө оройдоо алхаад, хоолоо аятайхан зохицуулж байгаад хөнгөхөн гүйгээд замаа дуусгахаа л бод.
5. Марафоны өдрийн цаг агаарыг заавал хараарай. Хувцасаа тохируулах. Даавуун хувцас битгий сонгоорой. Түргэн хатдаг, чийг барихгүй, хөнгөн полистер материалтай хувцас зүгээр байдаг. Сэрүүвтэр байсан ч нээх зузаан хувцаслаад хэрэггүй. Барианд ороод харин өмсөх салхи хаах, дулаан хувцас аваарай. Болж өгвөл гүйхдээ өмссөн чийгтэй хувцасаа бүрэн сольчихвол тун зүгээр.
6. Гараанаас хөөрсөн, сэтгэл нь хөдөлсөн хүмүүсийг дагаж өндөр хурдаар гарах хэрэггүй. Өөрийнхөө хурдаар гараарай. Биеэ халааж амжаагүй бол эхний 2-3 км зөөлөн шогшиж халаалтаа хийж болно.
7. Манай “УБ марафон”-ы зам ихэндээ тэгш, уруу байдаг. Сансарын колонк руу өгсөхөд л хэсэг миарч мэднэ. Бусдаар асуудалгүй.
8. Хүмүүс чамд элдэв төрлийн уудаг, иддэг зүйлс санал болгож мэдэмхийрнэ шүү. Шөрмөс татдаггүй, ядардаггүй нтр гээд. Аль нь ч хэрэггүй. Ялангуяа 10 км буюу түүнээс доош гүйж байгаа бол огт хэрэггүй. Иддэгээ идээд, уудагаа уугаад гараанаас гарах. Гэхдээ мэдээж бууз, цуйван гусаад байх хэрэггүй.
9. Гүйх явцдаа өөртэйгээ ижил хурдтай хүнийг олж аваад буу халаад, сэльфи хийгээд, зураг дараад, рийл бичлэг нтр хийгээд хөгжилтэй гүйвэл зам хурдан дуусна.
10. Шинэ пүүз худалдан авч өмсөж болно. Таавчигтай гүйсэн ч болно. Эсвэл бүүр хөл нүцгэн гүйсэн ч болно. Аль нь ч асуудалгүй. Гэхдээ хагас болон бүтэн марафонд гүйх гэж байгаа бол дэмий биз дээ. Хуучин пүүүз чинь илүү ээлтэй байх.
11. Гүйж байх явцад нүд харанхуйлах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг анзаарагдвал гүйлтээ шууд зогсоогоорой.
12. Гүйж байгаа хүмүүст алга ташиж, мундаг юм бэ, амжилт хүсье, гоё шүү зэргээр урам өгөхийг хичээгээрэй. Та бусдад сайхан урам өгсөнөөр өөртөө ч бас урам олж авдаг. Марафоны нэг утга учир энд байдаг.
13. Гүйхийн өмнө харин гутлын үдээсээ шалгаж, үсээ боож, хамар амаа цэвэрлэж хувийн бэлтгэлээ сайн хангаарай. Гүйж байх явцад та юунд ч сатааралгүй тав тухтай байх ёстой.
14. Өглөө гэрээсээ гарахдаа заавал хүнд, хөнгөнөөр биеэ засаарай.
15. Гүйлтийн замд хэн нэгэнд асуудал тулгарсан харагдвал тусламж үзүүлэхийг бодоорой. Өөрт байгаа зүйлсээ хуваалцах, замаас гарахад нь дэм болох, утсаар яриулах гэх мэт. Энэ бас марафоны нэгэн гайхамшиг байдаг юм шүү.
16. Гараанаас 2 цагийн өмнө ирээрэй. Марафоны өдрийн уур амьсгалыг мэдэрч, зураг даруулах, хүмүүстэй танилцах, мэдээлэл олж авах гээд дурсамж бүтээх цаг чинь юм.
17. Өөртөө хамгийн таатай хурдаар гүйх бөгөөд нус цэрээ залгиад байхгүй, санаа зоволтгүй хаяарай. Амьсгал мөн адил, хамраараа амьсгална нтр бол худлаа шүү. Өөртөө таатай байдлаар л амьсгална.
18. Бариан дээр хувийн зурагчин зогсоох хэрэгтэй. Өөрийгөө ялж, марафонд финиш хийх агшин бол хүний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байдаг.
19. Гүйх үед цанх татаад, эвгүй байвал гүйлтээ түр зогсоож уртаар, гүн зөөлөн амьсгал аваарай. Хамраараа амьсгалаад амаараа гаргана. Гүйх үедээ тайван бус хэт хурдан гүехэн амьсгалах, саяхан их хоол идсэн, халаалтгүй огцом ачаалалтай гүйх зэргээс болж өвддөг.
20. Гүйлтийн өмнөх орой хүнд хоол идэж хэрэггүй. Одооноос харин биедээ шингэн зүйл бага багаар хуримтлуулах.
21. Та 10км, 5км зайд гүйж байгаа бол биедээ цүнх, цэвэр ус зэрэг ачаа авч явах хэрэггүй. Усны цэг байгааг сануулъя. Ус уух шаардлагатай бол том томоор залгилж уух хэрэггүй. Тэр тусмаа хэт хүйтэн усыг.
22. Хамт олноороо гүйх гэж байгаа бол гүйлтийн туршлагатай хүнийг байгууллагадаа урьж марафонд гүйх хүмүүстээ зөвлөгөө өгүүлвэл сайн шүү.
23. Эцэст нь хэлэхэд элдэв хууч өвчтэй биш л бол баргийн хүн 5км, 10 км зайг дуусгаж чадна. Тиймээс энэ зайд гүйж өөрийгөө өөрчлөх урам зориг аваарай.
24. Гар утсандаа STRAVA гэж апп суулгаарай. Гүйлтийн хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн аятайхан апп шүү.
25. Замаа амжилттай дуусгаад барианы шугам дээр хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьж болно. Марафоны финиш лайн дээр.
Бүгдэд нь амжилт хүсье.
Ulaanbaatar Marathon #гүйцгээе
Эх сурвалж: Amgalan Soyolsuren
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.