“БОЛОВСРОЛ КАП 2025” СПОРТЫН 7 ТӨРӨЛТ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 13, 14, 16 дугаар зүйл, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 10 дугаар зүйл, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 7.1.2 дах заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн нэрэмжит Баянзүрх дүүргийн боловсролын байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдын “БОЛОВСРОЛ КАП 2025” тэмцээн 2021 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байна.

Энэ жил 5 дахь жилдээ ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлага, багш, ажилтнуудын спортын ур чадварыг хөгжүүлэх, дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй уг тэмцээний цар хүрээ жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд 38 багийн давхардсан тоогоор 1752 тамирчид үндэсний бөх, шатар, ширээний теннис, дартс, шугаман бүжиг, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 7 төрлөөр өрсөлдөж байна.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, болон Баянзүрх дүүргийн удирдлагууд, Боловсролын байгууллагын төлөөлөл, тамирчид оролцлоо.

Тэмцээний нээлтийн үеэр боловсролын байгууллагуудаас азтан тодруулж Баянзүрх дүүргийн Ч.Наранцэцэг захиралтай 142-р сургууль, Г.Оюунчимэг захиралтай 21-р сургууль, Г.Гүнбаяр захиралтай 102-р сургууль, Д.Болд захиралтай 155-р сургууль, А.Гантулга захиралтай 84-р сургуулиудад сагсан бөмбөг, волейболын 8 багц бөмбөг бүхий азын шагналыг тус тус гардуулж спортын өндөр амжилт хүслээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.